Түүхэн ялалт: The MongolZ баг NAVI-г 2-0 харьцаатай буулган авч, IEM Beijing 2026-ийн Гранд Финалд шалгарлаа!
Монголын болон Ази тивийн шилдэг CS2 баг болох The MongolZ дэлхийн тавцанд ээлжит шуугианаа тарьж, түүхэн том ялалт байгууллаа! БНХАУ-д зохион байгуулагдаж буй $250,000 ам.долларын шагналын сантай IEM Beijing 2026 тэмцээний хагас шигшээ тоглолтод манай залуус дэлхийн шилдэг багуудын нэг Natus Vincere (NAVI)-тай тулж, 2-0 харьцаатайгаар бүрэн илүүрхэн Гранд Финал руу итгэл төгс алхлаа.
Энэхүү ялалт нь The MongolZ багийн хувьд сүүлийн 14 сарын хугацаанд CS-ийн "Big Event" буюу дээд зиндааны тэмцээний Гранд Финалд анх удаагаа хүрч буй бахдам амжилт болж байна.
NAVI-ийн "Cache" сонголтыг хүчгүйдүүлсэн нь
Тоглолтын эхний map-аар NAVI өөрсдийн сонголт болох шинэчлэгдсэн Cache map-ийг сонгосон. Гэвч багийн ахлагч Гаридмагнайн "bLitz" Бямбасүрэнгийн зохион байгуулсан дайралт, тактикийн гайхалтай шийдлүүд NAVI-ийн хамгаалалтыг нэвт сүлбэсэн юм.
The MongolZ багийнхан зөвхөн бууны бүтэн худалдан авалттай үедээ бус, хагас эко үедээ гар буу (pistol) болон ганц хадгалж үлдсэн AWP-тай байхдаа хүртэл хоёр ч чухал үеийг (round) урвуулан авч, NAVI-ийн эдийн засагт (economy) хүнд цохилт өгч чадсан. Тоглолтын хоёрдугаар хагаст NAVI эргэн ирэх гэж оролдсон ч гар бууны эсрэг алдсан үеүддээ дахин бүдэрснээр, The MongolZ тус map-ийг 13-10 харьцаатайгаар өөрсдийн талд эргүүллээ.
"Inferno" дээрх гал гарсан төгсгөл
Хоёр дахь map буюу The MongolZ-ын сонгосон Inferno дээр тулаан жинхэнэ дээд цэгтээ хүрч ширүүссэн. Раунд бүрт хоёр багийн тамирчид нэг нэгнийхээ тактикийг тайлж, оноо илүү дутуу явсаар байв.
Шийдвэрлэх мөчид Есөнтөмөрийн "nin9" Гантулга, Анарбилэгийн "cobrazera" Ууганбаяр болон Содбаярын "Techno" Мөнхболд нар өөрсдийн clutch чадвар, гайхалтай multi-kill буудалтуудаараа үе дараалан багаа аварсан юм. Эцсийн мөчид нарийн нягт хамгаалалт, багийн гайхалтай ойлголцол үзүүлсэн монгол залуус уг map-ийг 13-11 харьцаатай дуусгаж, цувралыг хуурай 2-0-оор өндөрлүүлэв!
Аваргын төлөө MOUZ багтай Best-of-5 тулаан хийнэ
Энэхүү ялалтын дараа The MongolZ баг IEM Beijing 2026 тэмцээний цомын төлөө дэлхийн шилдэг таван багийн нэг MOUZ-тай тулахаар боллоо. MOUZ нь нөгөө хагас шигшээд BetBoom багийг төвөггүй буулган авч финалд шалгараад байгаа билээ.
Аваргын төлөөх тулаан таван map буюу Best-of-5 (Bo5) форматаар явагдах бөгөөд жинхэнэ эр зориг, тэсвэр хатуужил, тактикийн гүнийг шалгасан тоглолт болох нь гарцаагүй. Хэрэв The MongolZ түрүүлж чадвал Монголын төдийгүй Ази тивийн CS2-ын түүхэнд шинэ хуудас нээх болно.
Эх сурвалж: HLTV.org