Түүхэнд анх удаа: Team Spirit баг коучтэйгээ тоглосон FUT-д 13-0 харьцаатай "хуурай" хожигдлоо!
Counter-Strike 2-ын мэргэжлийн тавцанд итгэмээргүй, түүхэн сенсаци гарлаа. Хонг Конг хотноо үргэлжилж буй BLAST Rivals Hong Kong 2026 тэмцээний хэсгийн тоглолтод дэлхийн чансааны шилдэг багуудын нэг болох Team Spirit Туркийн FUT Esports багийн эсрэг тоглохдоо CS2 гарснаас хойш анх удаагаа 13-0 харьцаатай "хуурай" хожигдол амслаа.
Хамгийн гайхалтай нь энэхүү ялалтыг авчирсан FUT Esports баг үндсэн бүрэлдэхүүнээрээ ч биш, өөрсдийн дасгалжуулагчтайгаа хамт тоглож байв.
Stand-in коучтэй баг супер оддыг "тэг"-лэв
FUT Esports-ийн ахлагч бөгөөд IGL Аулон "Krabeni" Фазлижа визний асуудлаас болж Хонг Конгийн тэмцээнд ирж амжаагүй тул тэдний ерөнхий дасгалжуулагч Андраш "coolio" Ферчак тав дахь тоглогчоор сервэрт орсон юм. Хүн бүр donk, sh1ro нарын супер ододтой Team Spirit-ийг өрсөлдөгчөө төвөггүй буулган авна гэж таамаглаж байлаа.
Цувралын эхний мап болох Cache дээр Spirit 13-9 харьцаатай хожиж, тоглолтыг өөрсдийн талд эргүүлээд байв. Гэвч хоёр дахь мап буюу Team Spirit-ийн өөрсдийнх нь сонгосон (pick) Nuke эхлэхэд хэний ч төсөөлөөгүй дүр зураг өрнөв.
Nuke дээрх жинхэнэ хар дарсан зүүд
Статистик сөхвөл Team Spirit сүүлийн саруудад өрсөлдөгчийнхөө сонгосон Nuke мап дээр 5 дараалан хожсон, T-side буюу довтолгооны талдаа 59 хувийн хожилтой асар хүчирхэг баг байлаа. Гэтэл FUT-ийн CT хамгаалалт бүх төлөвлөгөөг нь сүйтгэв.
Испани мэргэн бууч Альваро "SunPayus" Гарсиа хамгаалалтад бүрэн ноёрхож, ганцаараа 17 kill, 2 death, 128.8 ADR гэсэн галзуу үзүүлэлт үзүүлсэн бол украин залуу dem0n дутахааргүй ширүүн тоглолт гаргав. Тоглолтын 9 дэх раунд гэхэд donk-оос бусад Spirit-ийн дөрвөн тоглогч нийлээд ердөө 4 kill хийсэн байсан нь тэд ямар их дарамтад орсныг илтгэнэ.
Эхний хагасыг 12-0-ээр FUT илт давуу өндөрлүүлж, тал солигдсоны дараах хоёр дахь pistol round-д dziugss үлдсэн 1v1 clutch-ийг sh1ro-ийн эсрэг амжилттай гүйцэтгэснээр мап 13-0 харьцаатай өндөрлөв. Энэ нь дэлхийн шилдэг залуу авьяас donk болон Team Spirit багийн хувьд CS2-ын замнал дахь анхны 0-13 ялагдал болон түүхэнд бичигдлээ.
donk: "Хэрэв бид эцсийн дүндээ хожсон юм бол энэ хэнд хамаатай юм бэ?"
Тоглолтын дараа сэтгүүлч Alex "Mauisnake" Элленберг donk-оос тоглолтын формын талаар асуухад тэрээр: "Бидний T-side үнэхээр муу байлаа. Ер нь Nuke дээр бид CT талаасаа 9, 10, 11 раунд төвөггүй авдаг ч хамгаалалтад гарах боломж олдсонгүй. Эцсийн дүндээ хожиж л байвал 0-13 байна уу хэнд хамаатай юм бэ?" гэж товч бөгөөд хүйтэн хариулт өгчээ.
Нээрээ ч Team Spirit уг цочролыг түргэн мартаж, шийдвэрлэх Ancient мап дээр эргэн сэргэж, 13-5 харьцаатай ялалт байгуулан цувралыг 2-1-ээр дуусгаж, хэсгийн хагас шигшээд шалгарч чадсан юм.
Гэсэн ч дэлхийн чансааны №4 баг, тэр тусмаа donk гэдэг тоглогч мэргэжлийн тайзан дээр stand-in дасгалжуулагчтай багт нэг ч раунд авч чадалгүй 13-0-ээр арчуулсан нь CS2-ийн түүхэнд хамгийн сенсацитай, содон тоглолтуудын нэг болж үлдэх нь гарцаагүй.
Эх сурвалж: HLTV.org, BLAST Premier Coverage