Sony "Marvel's Wolverine"-ийн анхны борлуулалтыг зарлаж, PlayStation 6-ийн хөгжүүлэлт төлөвлөгөөний дагуу явж байгааг нотоллоо
Sony Interactive Entertainment хамгийн сүүлийн санхүүгийн тайлангийн хурлаа хийж, PlayStation-ий ертөнцөд өрнөж буй томоохон үйл явдлуудын талаар чухал мэдээллүүдийг дэлгэлээ. Gamer-уудын дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан PS5 консолын гол эксклюзив blockbuster болох Insomniac Games-ийн Marvel's Wolverine тоглоомын албан ёсны борлуулалтын тоо болон дараагийн үеийн PlayStation 6 консолын хөгжүүлэлтийн явцын талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна.
"Marvel's Wolverine" 2.4 сая хувь борлогджээ
Sony-ийн албан ёсны тайланд дурдсанаар, өнгөрсөн 9-р сарын 15-нд PS5 консол дээр нээлтээ хийсэн Insomniac Games-ийн цоо шинэ экшн төсөл болох Marvel's Wolverine 11-р сарын 4-ний байдлаар дэлхий даяар нийт 2.4 сая хувь борлогдоод байна.
Анх зарлагдсан цагаасаа эхлэн Логаны хэрцгий тулаан, адал явдлыг харуулсан gameplay механикуудаараа шуугиан тарьж байсан энэхүү төсөл 50 орчим хоногийн дотор ийм амжилт үзүүлсэн нь дан ганц консол дээр гарсан тоглоомын хувьд чамлахааргүй үзүүлэлт юм. Одоогоор Sony уг бүтээлийг PlayStation Store-ийн урамшуулалд оруулж, дижитал хувилбарт нь хямдрал зарлаж эхэлсэн нь цаашид борлуулалтын эрчийг нь улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.
PS5 100 саяын босго руу алхам алхмаар
Тайлангийн үеэр PlayStation 5 консолын нийт нийлүүлэлт дэлхий даяар 97.9 сая ширхэгт хүрснийг зарлав. Өнгөрсөн улиралд 2.6 сая консол борлуулагдсан нь зах зээл дэх өсөлтийн хурд аажмаар тогтворжиж байгааг илтгэж буй ч ирэх улиралд PS5 албан ёсоор 100 саяын босгыг давах нь тодорхой болоод байна.
Ингэснээр PS5 нь PS1, PS2 болон PS4 консолуудын араас 100 саяын амжилтад хүрсэн PlayStation гэр бүлийн дөрөв дэх домогт төхөөрөмж болох юм. Мөн тоглоомын салбарын дижитал борлуулалт болон PlayStation Network (PSN)-ийн идэвхтэй тоглогчдын тоо тогтмол өсөлттэй байгааг онцолжээ.
PlayStation 6-ийн хөгжүүлэлт "хуваарийн дагуу" үргэлжилж байна
Gamer-уудын хувьд хамгийн сонирхолтой сэдэв нь Sony-ийн дараагийн үеийн консол буюу PlayStation 6 байв. Цуурхлуудаар PS6-ийн нээлт тодорхойгүй хугацаагаар хойшилж магадгүй гэх яриа гарч байсан ч Sony-ийн Санхүү хариуцсан захирал (CFO) Лин Тао (Lin Tao) үүнийг няцаалаа.
Тэрээр хөрөнгө оруулагчдад хандан: "Бид одоогийн PS5 платформын тоглогчдын идэвхийг дэмжихийн зэрэгцээ дараагийн үеийн платформын бэлтгэл ажилд хатуу байр суурьтай, төлөвлөгөөний дагуу явж байна. Ирээдүйн өсөлтийг хангахын тулд шинэ платформдоо ихээхэн ач холбогдол өгч, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг цаг тухайд нь хийх болно" хэмээн мэдэгдсэн байна. Sony дараа жилээс эхлэн шинэ платформдоо чиглэсэн үндсэн санхүүжилтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Sony-ийн энэхүү албан ёсны мэдэгдлүүд нь PlayStation 5-ийн үе дуусах болоогүй, өмнө нь зарлагдсан шилдэг төслүүд цувран гарахын зэрэгцээ ард нь шинэ үеийн технологи аль хэдийн бэлтгэгдэж буйг баталж байна.
Эх сурвалж: Push Square, Sony Group Financial Results, Insider Gaming