← Мэдээ
CS2 / CSGO2026.11.12 · 17 үзсэн

Түүхэн үйл явдал: Дэлхийн элит $1.3 саяын "PGL Ulaanbaatar 2027" тэмцээн Монголд зохиогдохоор боллоо!

Түүхэн үйл явдал: Дэлхийн элит $1.3 саяын "PGL Ulaanbaatar 2027" тэмцээн Монголд зохиогдохоор боллоо!

Монголын төдийгүй дэлхийн Counter-Strike 2 сонирхогчдын хувьд жинхэнэ сенсац болсон мэдээг олон улсын томоохон тэмцээн зохион байгуулагч PGL компани албан ёсоор зарлалаа. Тэд 2027 оны хуваарьтаа багтсан Tier-1 ангиллын дөрөв дэх томоохон тэмцээнээ БНХАУ-аас Улаанбаатар хот руу шилжүүлж, "PGL Ulaanbaatar 2027" нэртэйгээр зохион байгуулахаар болсон байна.

Энэхүү шийдвэрийг гаргахын тулд PGL компани Counter-Strike-ийг хөгжүүлэгч Valve корпорацаас тусгай зөвшөөрөл (exception) авч чаджээ. Учир нь тэмцээний зохиогдох байршил болон бүс нь Valve Regional Standings (VRS) чансааны системд шууд нөлөөлдөг юм.

Шагналын сан ба тэмцээний систем

PGL Ulaanbaatar 2027 тэмцээн нь 2027 оны дөрөвдүгээр сарын 16-наас 25-ны хооронд Улаанбаатар хотод LAN хэлбэрээр явагдана. Тэмцээний нийт шагналын сан нь 1,000,000 ам.доллар байх ба үүн дээр нэмэлтээр чансаа өндөртэй багуудад зориулсан 300,000 ам.долларын VRS Invite Bonus хуваарилагдаж, нийт санхүүжилт нь 1.3 сая долларт хүрэх юм.

Тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд тэдгээрээс:

  • 14 баг: 2027 оны нэгдүгээр сарын Valve-ийн албан ёсны дэлхийн чансаагаар (VRS) шууд уригдана.
  • 2 баг: Европ болон Ази тивийн урьдчилсан шатны онлайн сонгон шалгаруулалтаас эрхээ авна.

Форматын хувьд хэсгийн шат нь сонгодог Swiss системээр өрнөж, бүх тоглолт Best of 3 (Bo3) форматаар явагдах тул ямар нэгэн санамсаргүй Bo1 тоглолтын эрсдэлгүй, цэвэр ур чадварын тулаан болно. Харин шалгарсан шилдэг найман баг плей-оффт Single-Elimination форматаар өрсөлдөж, Гранд Финалын аварга Bo5 цувралаар тодорно.

2027 оны хавар: Улаанбаатарт дараалсан хоёр том баяр!

Энэхүү мэдээний хамгийн гайхалтай хэсэг нь цаг хугацааны давхцал юм. "PGL Ulaanbaatar 2027" тэмцээн өндөрлөснөөс хойш ердөө 2-3 долоо хоногийн дараа Монгол Улсын нийслэлд өөр нэгэн аварга оператор BLAST-ийн BLAST Open Ulaanbaatar 2027 тэмцээн эхлэх хуваарьтай байгаа билээ.

Ингэснээр 2027 оны 4 болон 5 дугаар саруудад Улаанбаатар хот CS2-ын дэлхийн элит багууд, одод болон дэлхийн өнцөг булан бүрийн хөгжөөн дэмжигчдийг хүлээн авсан цахим спортын дэлхийн нийслэл болж хувирах нь гарцаагүй боллоо.

Монголын CS2 соёл дэлхийн тавцанд

Сүүлийн жилүүдэд The MongolZ болон бусад Монголын багуудын үзүүлсэн олон улсын өндөр амжилт, Монголын үнэнч үзэгчид болон "The Horde" хөгжөөн дэмжигчдийн эрч хүч дэлхийн хамгийн том и-спорт байгууллагуудын анхаарлыг татаж чадсаны бодит баталгаа нь энэ болж байна. Эх орныхоо тайзан дээр The MongolZ тэргүүтэй багуудаа дэлхийн аварга Vitality, NAVI, Spirit, MOUZ зэрэг шилдэг акулуудтай тулахыг дэргэдээс нь үзэх алтан боломж Монголын gamer-уудыг хүлээж байна.

Эх сурвалж: HLTV.org & Focus Gaming News

#CS2#PGL Ulaanbaatar 2027#The MongolZ#Esports#Valve
Хуваалцах

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү