Хойд Америкийн CS-ийн "загалмайлсан эцэг": Complexity-ийн үүсгэн байгуулагч Жэйсон Лэйк HLTV-ийн "Lifetime Achievement" шагнал хүртэхээр боллоо
Дэлхийн Counter-Strike-ийн хамгийн том мэдээллийн портал болох HLTV албан ёсоор мэдэгдэл хийж, 2026 оны HLTV Lifetime Achievement Award (Насан туршийн гавьяаны шагнал)-ын эзнээр Хойд Америкийн цахим спортын домогт зүтгэлтэн, Complexity байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Жэйсон Лэйк (Jason Lake)-ийг тодруулснаа зарлалаа.
Энэхүү нэр хүндтэй шагналыг ирэх 2027 оны 1-р сарын 9-нд Сербийн нийслэл Белград хотноо зохион байгуулагдах "HLTV Awards 2026" ёслолын тайзан дээр түүнд гардуулан өгөх юм.
Цахим спорт гэж юу болохыг хэн ч мэддэггүй байхад тавьсан жим
Жэйсон Лэйк бол зөвхөн CS-ийн төдийгүй дэлхийн нийт цахим спортын анхны анхдагчдын нэг билээ. Тэрээр 2003 онд Complexity байгууллагыг үүсгэн байгуулж, өөрийн бүх хөрөнгө, хүсэл тэмүүллийг Counter-Strike-д зориулж эхэлсэн түүхтэй.
Тэрээр нэгэн ярилцлагадаа: "Хүмүүс цахим спорт гэж яг юу болохыг ч мэдэхгүй байх үед бид энэ салбарын анхны замыг тавьж байсан юм" хэмээн дурссан байдаг. Жэйсон тоглогчдод анхлан цалин олгож, буудлын зардлыг нь даан олон улсын тэмцээнд илгээж, тоглогчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэх стандартыг Хойд Америкт анх удаа тогтоож байв.
Түүний байгуулсан Complexity баг CS 1.6-ийн алтан үед ESWC 2005 болон CPL Summer 2006 зэрэг томоохон тэмцээнүүдэд түрүүлж, дэлхийн шилдэг болж чадсан юм.
20 гаруй жилийн турших уналт ба босолт
Жэйсон Лэйкийн замнал үргэлж дардан байгаагүй. Эдийн засгийн хямрал, байгууллагын хувьцааны асуудал, CS:GO-ийн эрин үеийн шилжилтүүд дундуур Complexity олон удаа уналттай нүүр тулж байв. Гэвч Жэйсон хэзээ ч бууж өгөөгүй. CS:GO-ийн үед тэрээр "Complexity Juggernaut" төслийг эхлүүлж, топ түвшний олон улсын бүрэлдэхүүн бүрдүүлж байсан билээ.
Түүний Counter-Strike-д хайртай сэтгэл зөвхөн захирлын өрөөнд биш, тайзны ард хамгийн тод харагддаг. Багийнхаа тоглолт бүрийг чин сэтгэлээсээ үзэж, хашхирч, тоглогчдоо урамшуулж, цээжээ дэлдэн баярладаг түүний дүр төрх бүх CS gamer-уудын сэтгэлд хоногшсон. Тэрээр тоглогчдоо бизнес хэрэгсэл бус, харин гэр бүлийн гишүүд шигээ хайрладаг менежер гэдгээрээ дэлхийд танигдсан юм.
Хамгийн сүүлд Complexity-ийн толгой компани өөр цахим спортын багийг худалдан авахад эрх ашгийн зөрчил үүсэх эрсдэлтэй болмогц Жэйсон хувийн хөрөнгө босгож, өөрийн байгууллагаа эргүүлэн худалдан авч тусгаар байдлыг нь авч үлдсэн явдал нь нийгэмлэгийн дунд асар их хүндлэлийг авчирсан билээ.
Белградад болох гала ёслол
HLTV Awards-ын "Lifetime Achievement" шагналыг CS-ийн экосистемд олон жилийн турш арилшгүй үнэтэй хувь нэмэр оруулсан, салбарын тулгын чулуу болсон эрхмүүдэд олгодог билээ.
Жэйсон Лэйк энэ шагналыг хүртэж буй нь Хойд Америкийн Counter-Strike төдийгүй дэлхийн цахим спорт өнөөгийн хэмжээнд хүрэхэд түүний оруулсан гавьяаг албан ёсоор мөнхөлж буй явдал боллоо. Шагнал гардуулах бүрэн ёслолын ажиллагаа 2027 оны 1-р сарын 9-нд Белградын Sava Centar төвд болох бөгөөд оны шилдэг тоглогчид болон шилдэг багуудыг хамт зарлах юм.
Эх сурвалж: HLTV.org